Зөрчил шалган шийдвэрлэх тухай болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 2025 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цахимаар явуулах боломжтой болсон. Тодруулбал,
- Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт “Хянан шийдвэрлэх ажиллагааг шүүхийн цахим платформыг ашиглан явуулж болох бөгөөд хэргийн баримт бичиг, материал нь шүүхийн цахим платформын шаардлагад нийцсэн байна”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллага хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны баримт бичгийг үйлдэх, шийдвэр гаргах, хэргийн оролцогчтой харилцах, хэргийн материалыг оролцогчид танилцуулах, баримт бичиг хүлээн авах, хүргэх болон шүүх хуралдаан, шүүхийн хэлэлцүүлэг явуулах ажиллагааг цахим платформ ашиглан явуулж болно” гэж тус тус нэмэлт орсон.
Дээрх хууль тогтоомжийн дагуу Чингэлтэй дүүргийн прокурорын газраас дотоод нөөц бололцоондоо тулгуурлан прокурор зөрчлийн болон эрүүгийн хэргийн цахим шүүх хуралдаанд ямар нэгэн саадгүйгээр оролцож, шүүх хуралдааныг тасралтгүй, хэвийн явуулах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор шаардлага хангасан тоног төхөөрөмж, техник хэрэгсэл бүхий өрөөг тусгайлан тохижуулж, үйл ажиллагаандаа ашиглаж эхлээд байна.
Цахим шүүх хуралдаанд зориулсан тусгай өрөөнөөс прокурор шүүх хуралдаанд оролцох нь иргэдийг чирэгдүүлэхгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шуурхай, үр ашигтай явуулах, цаг хугацаа болоод зардал хэмнэхээс гадна хэргийн нууцлалыг хангах, цахим аюулгүй байдлыг хамгаалахад чухал ач холбогдолтой юм.
Улсын Ерөнхий Прокурорын Газар