Чингэлтэй дүүргийн прокурорын газраас 2026 оны 1 дүгээр улирлын байдлаар хүүхэд хохирсон, холбогдсон 115 гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэлд хяналт тавьсан байна. Үүнээс хүүхэд хохирсон 35, хүүхэд холбогдсон 2 хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, мөрдөн байцаалтын 41 хэрэгт хяналт тавин ажилласан.
Тус дүүргийн прокурорын газраас хүүхэд хохирсон, холбогдсон гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран зохион байгуулж буй “365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе” нөлөөллийн аянд нэгдэж, сурагчдад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниулга хийж оролцлоо.
Энэ хүрээнд Нийслэлийн 50 дугаар сургуулийн 6 дугаар ангийн сурагчдад үе тэнгийн дээрэлхэлт гэж юу болох, үр дагавар, хор уршгийг тайлбарлаж, хүүхдийн эрх зөрчигдөх болон зөрчигдсөн тохиолдолд хэнд, хаана хандах боломжтой талаар мэдээлэл өглөө.
Улсын Ерөнхий Прокурорын Газар