ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хяналтын харьяа цагдаагийн байгууллагын зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудаас 2026 оны I улирлын байдлаар зөрчлийн хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, шийтгэл оногдуулсан хэргийн болон хялбаршуулсан журмаар шалгаж шийтгэл оногдуулсан гомдол, мэдээллийн хууль зүйн үндэслэлийг шалгаж, шалгалтын мөрөөр холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.

Тодруулбал, шалгалтаар эрх бүхий албан тушаалтнуудын зөрчлийн хэрэг нээж, шийтгэл оногдуулсан 146 хэргийг хянаж, шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулахаар 4, хүчингүй болгуулахаар 9, мөн хялбаршуулсан журмаар шалгаж шийтгэл оногдуулсан 590 гомдол, мэдээллийг хянаж, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар 38, өөрчлөлт оруулахаар 7 прокурорын дүгнэлт тус тус бичиж Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд хүргүүлж, хүний зөрчигдсөн эрхийг сэргээх арга хэмжээ авсан.

Мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар дүүргийн цагдаагийн газарт прокурорын  шаардлага хүргүүлснээс гадна зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудын дунд мэргэжлийн ур чадварын уралдаан зарлаж, бусдыгаа манлайлж оролцсон 2 албан тушаалтныг шалгаруулж, шагнаж урамшууллаа.

Түүнчлэн дүүргийн прокурорын газраас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлж, хүний эрхийн зөрчил гаргахгүй байх зорилгоор харьяа цагдаагийн байгууллагын зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудад өнөөдөр /2026.05.08/ сургалт зохион байгууллаа.

Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн Сургалтын албаны дарга ахлах прокурор, хууль зүйн доктор /PhD/ Б.Өнөрмаа “Хувь хүний нууц мэдээлэл, түүний агуулга, эрх зүйн орчин”, дүүргийн зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Т.Баярмаа “Зөрчил шалган шийдвэрлэхэд анхаарах асуудал”, Цагдаагийн ерөнхий газрын Гэмт хэрэг, зөрчил шалгах албаны Зөрчил шалгах мэргэжил арга зүйн хэлтсийн чиглэлийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч А.Нансалмаа “Эрх бүхий албан тушаалтан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, хүнийг саатуулахад анхаарах асуудал” сэдвээр мэдээлэл өгч, жишээ, өгөгдөлд дүн шинжилгээ хийх, шийдвэр гаргуулах, холбогдох эрх зүйн хэлбэрийг боловсруулах зэргээр онол, практик хосолсон хэлбэрээр сургалт хийсэн нь онцлог боллоо.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас прокурорын дүгнэлт, шүүхийн шийдвэрийн дагуу хүний зөрчигдсөн эрхийг сэргээх чиглэлээр тодорхой ажил, арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөж байна.