УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЭХ ЖУРАМ ЗӨРЧИХ ЗӨРЧИЛ ГАРАХАД НӨЛӨӨЛСӨН ШАЛТГААН НӨХЦӨЛИЙГ АРИЛГУУЛАХААР МЭДЭГДЭЛ ХҮРГҮҮЛЛЭЭ
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10.3 дугаар зүйлд хуулийн этгээдийн хувийн хэргийн мэдээлэлд өөрчлөлт оруулах тухай шийдвэр, бусад баримт бичгийг ажлын 15 өдрийн дотор улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхээр хуульчилсан.
Чингэлтэй дүүргийн хэмжээнд дээрх хуульд заасан үүргээ биелүүлээгүй буюу Зөрчлийн тухай хуулийн 15.23 дугаар зүйлд заасан “Улсын бүртгэлд бүртгүүлэх журам зөрчих” зөрчил 2025 онд 115, 2026 оны 1 дүгээр улирлын байдлаар 27 бүртгэгдэж, зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээсэн байна.
Тодруулбал, хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга зэрэг албан тушаалтныг өөрчилсөн, улируулан томилсон талаарх шийдвэрийг хуульд заасан хугацаанд улсын бүртгэлд бүртгүүлээгүй, улсын бүртгэлийн мэдүүлэг, өргөдөл, хүсэлт, хавсаргасан нотлох баримтыг үнэн зөв мэдүүлээгүй зөрчил нийтлэг гарч байна.
Тиймээс Чингэлтэй дүүргийн прокурорын газраас дээрх төрлийн зөрчлийг бууруулах, дахин гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, зөрчил гарсан шалтгаан нөхцөлийг арилгах талаар прокурорын мэдэгдэл бичиж хүргүүлэх, иргэн, аж ахуй нэгж байгууллагуудад дээрх хууль тогтоомжийг сурталчлах ажлыг тогтмол зохион байгуулж байна.
ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ
15.23 дугаар зүйл.Улсын бүртгэлд бүртгүүлэх журам зөрчих
1.Улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлэг гаргагч:
1.1.хуульд заасан үүргээ биелүүлээгүй;
1.2.хуульд заасан улсын бүртгэлийн мэдүүлэг, өргөдөл, хүсэлт, хавсаргасан нотлох баримтыг үнэн зөв мэдүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.