УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Ю.Ариунзаяа Чингэлтэй дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Ж.Бат-Эрдэнэтэй “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны эрх хязгаарлах арга хэмжээний тухай ойлголт” сэдвээр ярилцлаа.
Эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хэвийн явагдах нөхцөлийг хангах зорилгоор Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу эрх хязгаарлах дараах арга хэмжээг авдаг.
Үүнд:
1.хүнийг саатуулах;
2.үйл ажиллагаа, ашиглалтыг түр зогсоох;
3.холбогдогчийн баримт бичгийг хураан авах.
4.Монгол Улсын хилээр гарах эрхийг түр түдгэлзүүлэх.
-Хүнийг саатуулах. Хүнийг саатуулах нь хүний халдашгүй эрхийг хуульд заасан үндэслэл, хугацаа, журмыг баримтлан хязгаарлан саатуулж буй арга хэмжээ юм.
-Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд, эсхүл шууд бусаар хор хохирол учруулж байгаа, эсхүл учруулж болох нөхцөл байдал үүссэн үед холбогдогчийн ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааг бүхэлд нь, хэсэгчлэн, эсхүл барилга байгууламж, машин, тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн ашиглалтыг прокурорын зөвшөөрлөөр түр зогсооно.
-Эрх бүхий албан тушаалтан холбогдогчийн жолоодох эрхийн үнэмлэх, мэргэжлийн үнэмлэх, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл зэрэг баримт бичгийг хураан авна.
-Зөрчлийн тухай хуульд арван мянгаас дээш нэгжтэй тэнцэх, эсхүл хөрөнгө, орлого, хохирлын тодорхой хувиар тооцсон торгох шийтгэлийн хэмжээ нь 10 сая төгрөгөөс дээш хэмжээний торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд холбогдогчийн Монгол Улсын хилээр гарах эрхийг түр түдгэлзүүлж болно.
Улсын Ерөнхий Прокурорын Газар