Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газар нь Монгол Улсын Их Хурлын 1993 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 59 дүгээр тогтоолоор үүсэн байгуулагдаж, мөн оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн түүхтэй.
Монгол Улсын Их Хурлын 1992 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 18 дугаар тогтоол, Улаанбаатар хотын Ардын Депутатуудын Хурлын 1992 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 31 дүгээр тогтоолоор Нийслэлийн Чингэлтэй дүүрэг нь анх 18 хороотойгоор байгуулагдаж байсан бол өдгөө 24 хороо,150 мянга орчим хүн амтай болж өргөжин тэлжээ. Монгол Улсын Дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Хүний эрхийн үндэсний комисс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар зэрэг хууль хяналтын болон Засгийн газрын яам, агентлаг, банк, санхүүгийн төв байгууллага, аж ахуй нэгжүүд байрладаг онцлогтой Нийслэлийн төвийн дүүргийн нэг юм.
Чингэлтэй дүүргийн прокурорын газар нь 8 хүний орон тоотой ажиллаж эхлэсэн бол одоо нийт 53 прокурор, ажилтны орон тоотой үйл ажиллагаа явуулж байна. Дүүргийн прокурорын газар нь жилд дунджаар 4 мянга гаруй зөрчлийн, 9 мянга орчим эрүүгийн хэрэгт хяналт тавьж, нутаг дэвсгэрийн хэмжээнд хуулийг нэг мөр хэрэглэх, хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газар