Чингэлтэй дүүргийн прокурорын газар Хүний эрхийн Үндэсний Комисстой хамтран “Шударгаар шүүлгэх эрх: Олон улсын гэрээ ба хэрэглээ” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг 2026 оны 10 дугаар сарын 14-ний өдөр зохион байгууллаа.
Сургалт, хэлэлцүүлэг нь гэмт хэрэг, зөрчлийг шалгах, мөрдөн шалгах ажиллагааны явцад хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээхэд чиглэсэн прокурорын хяналтыг үр нөлөөтэй хэрэгжүүлэхэд чиглэв.
Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, хууль зүйн ухааны доктор, дэд профессор Б.Энхболд шударгаар шүүлгэх эрхийн талаарх олон улсын гэрээний зохицуулалт, тэдгээрийг үндэсний хууль тогтоомж болон практикт хэрэглэх асуудлаар мэдээлэл өглөө.
Сургалтад Чингэлтэй дүүргийн прокурорын газрын прокурорууд, тус дүүргийн цагдаагийн газрын мөрдөгчид болон эрх бүхий албан тушаалтнууд оролцож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хамгаалах, хуульд заасан үндэслэл, журмыг мөрдөхтэй холбоотой асуудлаар санал солилцов.
Тухайлбал, гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авах, шалгах, нотлох баримт цуглуулах, мэдүүлэг авах, албадлагын арга хэмжээ хэрэглэх зэрэг ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах, оролцогчдын эрхийг хангах асуудлыг хэлэлцлээ.
Мөн сэжигтэн, яллагдагч, хохирогч, гэрч болон бусад оролцогчийн өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, халдашгүй, чөлөөтэй байх, хувийн болон гэр бүлийн нууц, нэр төр, алдар хүндээ хамгаалуулах эрхийг хангахын ач холбогдлыг онцлов.
Түүнчлэн хүнийг хууль бусаар саатуулах, баривчлах, эрх чөлөөг нь хязгаарлах, сэтгэл санааны болон бие махбодын дарамт, шахалт үзүүлэхээс урьдчилан сэргийлэх, хүний эрхийн зөрчил илэрсэн тохиолдолд таслан зогсоох, шалтгаан, нөхцөлийг тогтоох, зөрчигдсөн эрхийг сэргээх асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ.
Энэхүү сургалт, хэлэлцүүлэг нь прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтнуудын хүний эрхийн талаарх мэдлэг, ойлголт, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хүндэтгэх, хууль ёсыг сахин мөрдөх хандлагыг төлөвшүүлэх, байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн юм.
Улсын Ерөнхий Прокурорын Газар