“ӨСВӨРИЙН ХАМГААЛАГЧ ХҮҮХДҮҮД” СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
“ӨСВӨРИЙН ХАМГААЛАГЧ ХҮҮХДҮҮД” СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Чингэлтэй дүүргийн прокурорын газар, дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс хамтран, Good Neighbors олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр 2026 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “Өсвөрийн хамгаалагч хүүхдүүд” сургалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн 10–12 дугаар ангийн сурагчдын төлөөлөл 200 орчим хүүхэд, Чингэлтэй дүүргийн Хүүхдийн зөвлөлийн гишүүд болон байгаль орчин, хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагын төлөөлөл оролцов.

Прокурорын байгууллагын “Хамгаалсан байгаль бидний ирээдүй” арга хэмжээний хүрээнд “Экологийн тэнцвэр ба бидний оролцоо”, “Хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх нь” сэдвээр мэдээлэл өгч, байгаль орчныг хамгаалах хууль тогтоомж, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн хор уршиг, түүнээс урьдчилан сэргийлэх арга замын талаар сурагчдын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Мөн сургалт, хэлэлцүүлэгт оролцсон сурагчдын дунд байгаль орчны тулгамдсан асуудал, экологийн зөв дадал хэвшил, хог хаягдлыг ангилан ялгах, ус болон эрчим хүчийг хэмнэх, байгаль орчноо хамгаалах үйл ажиллагаанд хүүхэд, өсвөр үеийнхний оролцоог нэмэгдүүлэх талаар хэлэлцүүлэг өрнүүлж, амжилттай оролцсон 10 хүүхдийг шагнаж урамшуулав.